
Тэрээр 24 жил мал маллаж, сүүлийн 3 жилд малаа хорогдолгүй онд оруулж, 100 эхээс 100-110 төл мал бойжуулсан, бэлчээрийн даацад тохируулан малын тоогоо бууруулсан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Жилд дунджаар 60-100 тонн байгалийн хадлан, 5-10 тонн тэжээл бэлтгэж, улсын томоохон арга хэмжээ, уралдаан тэмцээнд орон нутгаа төлөөлөн үр бүтээлтэй тогтмол амжилттай оролцдог.
Малаа тогтмол ангилалт, бүртгэлжүүлэлтэд хамруулдаг. Малын тоо толгойн албан татварыг хугацаанд нь төлж, малаа индексжүүлсэн даатгалд даатгуулдаг, хувийн хөрөнгөөр худаг гаргуулж малын усан хангамжийг сайжруулсан.
Нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа 2 өрхийг малжуулж, 4 хүнийг байнгын ажлын байраар хангажээ.

Дээрх амжилтыг үнэлэн “Элдэн эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Хонгор сумын Зулзага багийн малчин Ц.Цэдэнбалыг “Улсын аварга малчин”аар тодрууллаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц. Туваан, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өгч баяр хүргэлээ.
